"Зүүнхараа" Политехник коллеж нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг дарга асан Б.Цээпилдоржийн санаачлагаар Монгол орны газар тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараа хотод 2009 онд байгуулагдсан. Тухайн үед Б.Цээпилдорж даргын санаачлагыг сумын Иргэдийн хурлын тэргүүлэгчид дэмжин ажиллаж тус сумын Засаг даргын тамгын газар байрлаж байсан 2 давхар байр болон "Өгөөмөр Мандал" ХХК-ний үйл ажиллагаа явуулж байсан хуучин барилгыг худалдан авч нийт 1491 м2 талбайн барилгыг сургалтын зориулалтаар засварлан 2009 оны 08 дугаар сарын 01-нээс эхлэн анхны ажилчдаа сонгон шалгаруулалтаар авч багш, ажилчдынхаа хамтаар тохижилтын ажлыг хийж, 2009 оны 08 дугаар сарын 23-ны өдөр сургуулийнхаа нээлтийг хийсэн билээ. 

Сургуулийн тохижилтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх орон нутгийн томоохон аж ахуйн нэгж байгууллагууд болох Хүнсний манлай үйлдвэр "Спирт бал бурам" ХК, УБТЗ-ын Ачааны вагон засварын депо, Мод боловсруулах үйлдвэр, Дэлхийн зөн олон улсын байгууллага зэрэг аж ахуй нэгж байгууллага, төрийн захиргааны байгууллага, иргэдийн дэмжлэг маш их байсан. 

"Зүүнхараа" Политехник коллеж нь анх 6 мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэйгээр 2009-2010 оны хичээлийн жилд анхны элсэлтээ авч, мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх 2,5 жилийн 6 анги, 1 жилийн ангид нийт 330 суралцагч, 53 багш, ажилтантайгаар анхны хичээлийн жилээ эхлүүлсэн түүхтэй.

Тус сургууль орон нутгийн өмчийн хэлбэрээр анх үүсэн байгуулагдаж, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2009 оны 87 тоот тогтоол, Төрийн өмчийн хорооны 2009 оны 316 тоот тогтоолыг үндэслэн орон нутгийн өмчөөс төрийн өмчлөлд 2010 оны 01 сарын 23-ны өдөр шилжиж төрийн өмчит Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болсон түүхтэй. 

Манай хамт олон сургалтын материаллаг бааз, бүс орон нутгийн онцлогт тулгуурлан хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын дунд шатны мэргэжлийн ажилтнуудыг бэлтгэн гаргах зорилгоор Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг үндэслэн техникийн боловсрол эзэмшүүлэх сургалт явуулах тусгай зөвшөөрлийн хүсэлтийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Мэргэжлийн боловсролын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт гаргаснаар 2014 оны 11 сарын 05-ны өдөр Монгол улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайдын А/251 тоот тушаалаар 4 мэргэжлээр техникийн боловсрол эзэмшүүлэх шаталсан сургалттай Политехник коллеж болж өргөжсөн.

"Зүүнхараа" Политехник коллеж нь хөгжлийнхөө 10 жилийн хугацаанд хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, барилга, аж үйлдвэр, тээвэр, байгаль орчны салбарын мэргэжлээр мэргэжил сургалтыг зохион байгуулж, 2000 гаруй мэргэжилтэй ажилтныг бэлтгэн гаргасан байна.

Анх 509,622,800 төгрөгийн үндсэн хөрөнгөтэйгээр үүсэн байгуулагдсан бөгөөд манай хамт олон сургуулийн орчин, сургалтын чанараа сайжруулах, тоног төхөөрөмжөө нэмэгдүүлэх, багшлах боловсон хүчнийг чадваржуулах ажлыг жил бүр санаачлан хэрэгжүүлж, дотоодын аж ахуй нэгж байгууллагуудтай хамтран ажиллахаас гадна БНСУ-ын Кёнсан аймгийн Ы-сон сумын хөдөө аж ахуйн хүрээлэн, ХБНГУ-ын ГОУХАНийгэмлэг GIZ, Чех улсын Каритас ТББ, People in need ТББ, БНСУ-ын Койка олон улсын байгууллагатай хамтран ажиллаж 986,710,000 төгрөгийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр өнөөдөр 3,469,305,432 төгрөгийн үндсэн хөрөнгөтэй сургууль болон өргөжжээ. 

Тус сургууль нь анх 6 онолын танхим, 6 дадлагын газар, 2800 гаруй фондтой номын сан, 80 суралцагчийн багтаамжтай суралцагчдын дотуур байр, 80 суудал бүхий цайны газар, 150 суудал бүхий сургалт, хурал зөвлөгөөн, урлагийн арга хэмжээ зохион байгуулах заалтайгаар шинэ хичээлийн жилээ эхэлж байсан бол 10 жилийн хугацаанд улсын төсөв, төсөл хөтөлбөр, түншлэгч байгууллагууд, гадаад орнуудын хамтын ажиллагааны хүрээнд хөрөнгө оруулалтыг татан оруулж, сургалтын орчноо тасралтгүй сайжруулан ажиллаж ирсэн байна. 

Сургалтын орчныг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлсэн ажлууд: 

-40 суралцагчийн багтаамжтай эмэгтэй суралцагчдын дотуур байр

-Стандартад нийцсэн спортын гадаа талбай

-9000 гаруй номын фондтой, интернэт холболттой номын уншлагын танхим

-Интернэтэд холбогдсон 20 компьютер бүхий иж бүрэн лаборатори

-Агро парк 1: 6 хүлэмж, сургалтын болоод амралтын 2 давхар байр, ХАА-н техник тоног төхөөрөмжтэй авто граж, 1000 суулгацтай чацарганы талбай, жолоодлогын дромтой газар тариалангийн мэргэжлийн дадлагын газар

-Агро парк 2: Саалийн үнээний ферм, сургалтын танхим, малын хашаатай мал аж ахуйн мэргэжлийн дадлагын газар

-Ойн сан бүхий газар, мод үржүүлгийн талбай, сургалтын болоод оюутан байрлах байртай ойжуулагч мэргэжлийн дадлагын газар 

-Иж бүрэн тоног төхөөрөмж бүхий оёдлын мастерын дадлагын газар

-Мал аж ахуйн мэргэжлийн мал эмнэлгийн сургалтын лаборатори

-Автомашины засварчин мэргэжлийн механикийн сургалтын лаборатори

-Гагнуурчин, Үсчин, Гоо засалч, Тогооч, Автомашины засварчин, ХАА-н тоног төхөөрөмжийн техникч мэргэжлүүдийн иж бүрэн дадлагын газар

-Эрсдэлт бүлгийн суралцагчидтай уулзалт, ярилцлага хийх уулзалтын өрөө

-Багш, суралцагчдын эрүүл мэндийг дэмжих эмчийн өрөө

-Багш, ажилчид, оюутан суралцагчдын фитнес танхим

-Багш хөгжлийн төв

-Багш ажилчдын амралтын өрөө зэрэг сургалтын орчныг шинээр байгуулан тохижилт үйлчилгээг нь сайжруулан ажилласнаар нэг ээлжиндээ 450 суралцагч хичээллэх боломжтой хичээлийн А,Б байр, 120 суралцагч хүлээн авах хүчин чадал бүхий эрэгтэй, эмэгтэй оюутны дотуур байртай болж өргөжжээ.


2015-11-30 11:22:38

Түгээх